February 28, 2008

Эмгэнэл...

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, алдарт морин хуурч, морин хийлч, Профессор Гомбодоржийн Жамъян 2008 оны 2 сарын 17 ны өдөр 89 насандаа таалал төгслөө.

Монголын урлагийн ертөнцөд Г.Жамъян гуайн байгуулсан ач гавъяа нь үнэлж барашгүй их бөгөөд түүний хийж бүтээж байсан болгон нь хойч үедээ ямар их зүйл үлдээснийг нь бид бүхэн үргэлж санан дурсаж явах болно.

Г.Жамъян гуайн намтараас товч дурьдвал:
-1919 оны 11 сарын 28 нд Дорнод аймгийн нутагт Гомбодоржийн отгон хүү болон мэндэлсэн. 8 настайгаасаа Моринхуур хөгжмийг сурсан. Анхны багш нь Түдэв хуурч.
-1937-1938 онд Уран сайхны сургуулийн анхны сурагч, анхны төгсөгч.
-1938 оноос Бөмбөгөр ногоон театрт 20-иод жил ажиллаж байгаад Хөгжим Бүжгийн дунд (тэр үеийн) сургуульд багшилж эхэлсэн.
-1947, 1949, 1951,1953 онуудад Дэлхийн залуучуудын оюутны их наадмаас шагнал хүртэж байсан.


Г.Жамъян гуайн хийж бүтээж байсан зүйлүүдээс дурьдвал:
-Моринхуур хөгжим нь зөвхөн ардын хөгжим байсныг мэргэжлийн анхны дэг сургуультай болгож мэргэжлийн түвшинд хүргэж чадсан.
-Моринхуур нийгэмлэгийн анхны үүсгэн байгуулагч.
-Уламжлалт сонгодог дэг сургуулийг өрнө дахины сонгодог дэг сургуультай нэгтгэсэн.
-Моринхуурчдыг бэлтгэх шинэ дэг сургуулийг үндэслэгч.
-Моринхуур хөгжим дээр бусдын бүтээлийг хөрвүүлэн төлөвшүүлсэн хөгжмийн зохиолч.

Монголын хөгжмийн алтан фондод бичүүлсэн бичлэгүүдээс дурьдвал:
-Монгол ардын урт, богино дуунууд
-Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд
-Дэлхийн сонгодог бүтээлүүд
-Дүэт-үүд-Ардын цөөхүүл хөгжимчидтэй хамтарсан бүтээлүүд
-Дуулаачдын дууг хөгжимдсөн бүтээлүүд
-Радиогийн фондод зөвхөн бичүүлээд зогсохгүй бүх тоглосон бүтээлүүдээ нотолж хойч үедээ үлдээсэн.

Г.Жамъян гуайн гэр бүл үр хүүхдүүд:
-Эхнэр Н.Маасүрэн нь хийлч, хуучирч
-Цэцгээ (дуучин)
-Батсайхан (хөгжимчин, удирдаач)
-Баярсайхан (хийлч, багш)
-Цолмон (дуучин)
-Жаргалсайхан (инженер)
-Цогтсайхан (хятад хэл судлаач)
-Батчулуун (Никитон хамтлагийн ахлагч) Ач
-Болд (Камертон хамтлагийн ахлагч) Зээ

Г.Жамъян гуайн шавь нар:
Э.Чойдог
Г.Алтанхуяг
Ч.Батсайхан
Л.Балхжав
Ц.Пүрэвхүү
Ж.Энэбиш
М.Санжмятав
Д.Шархүү
Ж.Сэлэнгэ
Ц.Батсайхан
М.Баасанхүү
Ё.Батбаяр
Д.Цогтсайхан

Өөр олон зүйл байгаа боловч хэтэрхий нуршахыг хүссэнгүйээ... Ер нь бидний хэлдэгээр Урлагийн Алтан үеийнхэн маань одоо хуруу дарам тунч цөөхөн үлдсэн гэхэд хилстэхгүй биз...! Харин эдгээр буурлуудын маань хийж бүтээсэн зүйлүүдийг нь Бид хэрхэн үнэлж, хэрхэн мэддэг бол...!!!

Би Хөгжим Бүжигт сурч байхдаа Онолын ангид давхар сурч байсан юм. Тэр үед онолынхоо хоёр хүүхэдтэй нийлж долоо хоног бүр ямар нэгэн урлагийн хүн ч юм уу, ямар нэгэн алдартай хүн урьж авчран чөлөөт ярилцлага зохиодог байлаа. Сургуулийнхны маань чих нь онгойг гэж тэр л дээ...
Яг хэзээг нь санахгүй байгаа ч Жамъян гуайг урих боломж гарсан юм. Тэр үед Жамъян гуай гэртээ байдаг байсан үе л дээ.Бие нь бас тиймч сайн байгаагүй. Гэхдээ бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлаж байсан. Жамъян гуайн гэр нь Чингис зочид буудлын хажуугийн таван давхар байрт байдаг юм. Ингээд тэр өдөр Жамъян гуайг авахаар гэрт нь очсон юм. Гэрээс нь гараад доошоо шатаар буухдаа Жамъян гуайг үүрээд бууж байсан... Одоо ингээд дурсахад Жамъян гуайг үүрээд буусандаа өөрийгөө үнэхээр их азтайд тооцдог.

Хөгжим бүжиг хүртэл таксигаар явж бид ярилцлагаа эхэлсэн юм. Тэр үед дүрс бичлэг, зураг авчихаар зүйл байгаагүйд одоо хичнээн харамсаад ч нэгэнт хожимдсон зүйл л дээ... Бид Жамъян гуайгаар Моринхуур тоглуулуулах гэсэн боловч одоо чадахаа өнгөрсөөн гээд байхаар нь ядаж нэг татаад дугаргаад өгөөч гэж гуйсаар байгаад татуулж билээ... Миний амьдралдаа анх удаа Жамъян гуайн хуураа татахыг нь амьдаар нь харсан үе тэр үе бас хамгийн сүүлийн удаа байжээ...

Бидний дундаас нэг том од маань хэзээ ч дахин ирэхээргүй харван одлоо... Жамъян гуайг маань урлагийн Янжинлхам Бурхан ивээх болтугай...!!!